Нумт зэмсгүүдийн нум нь хөгжмөө дагаад өөр өөр хэмжээтэй байдаг. Хөгжмөө нарийн сайн үзэж сонгодогийн адил нумыг ч чухалд үзэж анхаарах нь зүйтэй. Нум нь тоглолтын техникт ихээхэн нөлөө үзүүлдэг учраас сайн нум сонгох шаардлага тулгарна. Үйлдвэрлэлээсээ хамаараад 40$ дээш хэдэн мянган долларын үнэтэй байдаг. Эхлэн суралцагч нар сургалтын хөгжимдөө дагалдан ирдэг нумыг хэрэглэж болно. Гэвч ихэнхдээ хялгасгүй болсон, трость нь тахийсан зэрэг шаардлага хангахгүй ирдэг. Манай Монгол адууны дэл сүүл дэлхийд хамгийн сайн түүхий эд болдог учраас хөгжмийн мастер дээр очиж хялгаслуулах хэрэгтэй юм.

Нумыг зөв ашиглах хамгийн эхний санамж бол хялгасыг хэт чангалахаас зайлсхийх хэрэгтэй. Харин тоглож дууссаны дараа хялгасыг нэлээд суллан футляранд хийж заншаарай.

Хялгасыг тоглох байдалд бэлтгэсэн байдал: Ногоон сумаар заасан зургийн адил тохируулна. Хэт чангалах, хэт сул байх нь тохиромжгүй.

Харандааны тусламжтай хялгасыг зөв тохируулахдаа зураг дээрхийн адил хялгас трость хоёрын завсар харандааг шүргэх төдийхнөөр тааруулна.

Үүний дараа давирхай буюу канифолийг колодк хэсгээс үзүүр хүртэл гүйцэд жигд багавтар түрхэж өгнө. Хэт их нялж түрхэж болохгүй ба энэ нь дуугаралтыг хяхтнах чахруулах муухай дуу гаргах нэгэн шалтгаан болдог.Тиймээс мөн л сайн чанарын канифоль авч байхыг хичээгээрэй.Тоглож дууссаны дараа хөгжим боон нумны тогтсон давирхайн тоосыг зөөлөн алчуураар арчиж байхыг сануулъя. Бидний мэдэж байх ёстой нумны нарийн арчилгааны талаар дараагийн цувралаар оруулах болно.