Анх удаа хийл хөгжим харж бие даан сонгож авах гэж байгаа хүмүүстээ зориулаад хялбар зөвлөгөөг хүргэе. Хийл хөгжмийн чанар үйлдвэр нь үнэ өртгөөсөө мэдэгдэнэ. Манайд ихэвчлэн Хятад улсын үйлдвэрийн сургалтын зэмсгүүд орж ирдэг ба үнийн хувьд хамгийн хямд боломжийн байдаг /250,000 төгрөгөөс дээш/ Мөн Солонгос Японоос орж ирэх нь элбэг. Эдгээрийг энэ сайн тэр муу гэх аргагүй бөгөөд гагцхүү хөгжмийг дуугаргаж үзэх,өөрт тааруулан барьж хэлбэр хийцийг мэдрэх нь хамгийн чухал юм.

Хөгжмийг шинжих
– Хөгжмийг тойруулан хагарч цуурсан ангайж гэмтсэн эсэхийг сайн нягтлах.
– Хөгжмийн өнгө лак шингэн бөгөөд зузаан будалтгүй байх, барихад хөнгөн, хийц цэвэрхэн нимгэн байх нь давуу талтайг илтгэнэ. Хүмүүс ихэнхдээ бусдын хэрэглэж байсан хөгжим авалгүй шинэ хөгжим авах сонирхолтой байдаг. Үнэн хэрэгтээ сүүлийн үеийн сургалтын хийлнүүд стандарт бус хийц муутай, лак өнгийг зузаан нялсан, жингийн хувьд хүнд гээд гаднаасаа харахад л шаардлага хангахгүй нь танигдана.

Өөрт тохирсон хөгжим
Хөгжмийн размер уртын хэмжээг хүний нас болон биеийн өсөлт, гарын урт богино хэмжээнд тохируулна. /зургаас харна уу/ Өөрийн насаар тооцоолон хөгжим авсан ч таарахгүй байж болно. Тиймээс баттай шалгахын тулд хөгжмөө хүзүүндээ барьж гарыг сунгахад хөгжмийн толгой гарын алган дээр таарч байх ёстой.

Нум сонгох
Хараахан тоглож сураагүй хүмүүсийн хувьд нум сонгохдоо эхлээд трость мод тэгш шулуун муруйхгүй байх ёстойг сайн анхаарна. Дараа нь хялгасыг чангалахад хэр сайн татагдаж байгааг шалгаарай. Хялгасыг чангалахад трость мод бөхийж муруйхгүй байх ёстой.

Дагалдах
Хийл тоглож сурахад зориулсан хялбарчлах олон эд зүйлс байдаг ч танд зайлшгүй хэрэгтэй нь мөрөвч, давирхайг заавал авна. Дэлгүүрээс хөгжим авах бол ихэвчлэн энэ 2 хөгжимтэйгөө дагалдаж ирдэг. Зарим шаардлагатай тохиолдолд хөгжмийн утас ч авч болно. 

Ингээд эцэст нь танд зайлшгүй анхаарах зүйлс бол:
Хөгжмөө унагаж гэмтээж хагарал цуурал үүссэн тохиолдолд өөрсдийн дураар нааж оролдох гэлгүй шууд хийл хөгжмийн мэргэжлийн засварчид буюу мастертуудад хандах хэрэгтэйг анхааруулъя.    

Мөн шинэ хөгжмийн тохиргоо хийлгэх, нумны хялгас унаж шингэрч цөөрсөн болон шинээр авсан нумны хялгасыг хөгжмийн мастер дээр очиж  боловсруулж бэлтгэсэн адууны сүүлээр дахин шинээр хялгасуулснаар тоглолтын дуугаралтад онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг юм шүү.

Танд амжилт хүсье.