Хийл бол хамгийн алдартай, төгс нумт чавхдаст хөгжмийн зэмсгүүдийн нэг юм. Энэ хөгжмийн зэмсгийн ач холбогдлыг үнэлж баршгүй.Гайхамшигтай дуугаралт, тоглолтын баялаг боломж, дулаан, урсдаг тембр нь түүнд симфони найрал хөгжимд тэргүүлэх байрыг эзлэх боломжийг олгосон. Ардын болон угсаатны, гоцлол хөгжмийн практикт өргөн хэрэглэгддэг энэхүү гайхамшигт хөгжмийн зэмсгийг “Оркестрийн болон сонгодог хөгжмийн хатан хаан” гэж нэрийдэх болсон нь гайхах зүйл үгүй юм. 16-р зууны эхэн үед өнөөдрийн сонгодог төрх бүтэцийг олсон гэж үздэг ч анх чухам хаанаас үүссэн талаар эрдэмтэд одоо ч нэг дүгнэлтэд хүрээгүй байна.
Олон үндэстэн угсаатны нумт хөгжмийн зэмсгүүд хийл хөгжмийг өнөөдрийн дүр төрхөө олоход тодорхой нөлөө үзүүлсэн байдаг. Нумаар тоглодог анхны зэмсэгүүдийн тухайд:
Эдгээр зэмсэгүүд нь Дундад зууны үеийн хийл хөгжмийн анхдагчид болох юм. Харин эдгээрээс ч эртний төрөл нь дугуй дууны нүхтэй ба нүхний хэлбэр ямар байхаас шалтгаалж хөгжмийн дуугаралтанд ихээхэн өөрчлөлт гарна.
Хөгжмийн зэмсгийн хувьсал нь ийнхүү олон төрлийн утсан хөгжмийн зэмсгийг бий болгосноос гадна хэлбэр хийц бүтэц өөрчлөгдөхийн зэрэгцээ дууны нүх ч өөрчлөгдөж иржээ.Мөн босоогоороо болон өвдөг, зүүн мөрөн дээр тавьж тоглох тоглолтын олон хэлбэр хөгжиж ирсэн нь өнөөгийн хийл хөгжмийг тоглох ур чадвар арга барил хөгжихөд нөлөөлжээ.
Хийлийг хэрхэн урладаг вэ?
Хийл нь өөр өөр хэсгүүдээс бүтсэн бөгөөд хэсэг бүр өөр төрлийн материалаар хийгдсэн байдаг. Эхэндээ хийл хөгжимд хонь болон бусад малын гэдсээр хийсэн чавхдас буюу утсыг ашигладаг байсан. Орчин үеийн стандарт чавхдас нь хөнгөн цагаан, никель, мөнгө болон бусад металлаар хийгддэг. Хийлийн гаднах гадаргууг праймер болон лакаар бүрдэг. Үйлдвэрийн олноор хийгддэг хийлийн ар болон хажуу тал дээр лакны тусламжтайгаар гар урлалын үнэтэй хөгжимд ашигладаг агч модны байгалийн хээг дуурайлган долгионт хээ гаргах боломжтой байдаг байна. Харин нум хийхэд маш олон төрлийн материал ашигладаг. Уламжлал ёсоор хэвлээр явагчдын арьсаас эхлээд зааны яс, халуун орны мод хүртэлх бүх байгалийн материалыг ашиглана. Зааны яс нь зөвхөн гоёл чимэглэлийн зориулалтаар ашиглагддаг бөгөөд гааль дээр үүнээс болж асуудалд орох тохиолдол бий. Африкийн зааны тоо толгой хууль бус анчдын улмаас эрс цөөрсөн тул зааны соёог импортлохыг олон оронд хориглосон. Хэрэв та хийлтэйгээ аялахыг хүсвэл зохих гэрчилгээ, нотлох баримттай байхгүй бол та аялсан улсдаа нумаа үлдээх эрсдэлтэй. Тиймээс орчин үед байгаль орчныг хамгаалах тал дээр илүү их санаа тавьж урьдчилан бэлтгэсэн мод, карбон файбер нум, хиймэл арьс зэрэг өөр материалууд зах зээлд улам бүр нэмэгдэж байна.
XVII зууны Италийн их мастеруудын авъяас чадвар хийл хөгжмийн бүтцийг төгс төгөлдөрт хүргэсэн гэж хэлж болно. Шилдэг сайн материалаар хийгдэж хамгийн тохиромжтой хэлбэрийг олж авснаар урлаачид гүн гүнзгий, нарийн, олон талт дуугаралтыг олж авсан. Түүхэнд мөнхөд үлдсэн алдарт мастерууд болох Николо Амати болон түүний шавь Жузеппе Гуарнери, Антонио Страдивари нар хүний мэдрэмжийг бүрэн дүүрэн дамжуулах чадвартай зэмсгийг бүтээжээ. Энэ цаг үеийн хамгийн үнэ цэнэтэй өндрөөр үнэлэгдэж буй хийл бол: Гуарнери дель Гесу, Антонио Страдивари зэрэг авъяаслаг хийл урлаачдын хөгжим дэлхийн хамгийн үнэтэй, өндөр чанартай хөгжимд тооцогддог. Домогт Страдиварийн хийл Кристигийн дуудлага худалдааны дээд амжилтыг хадгалсаар байна. Хийлийн үнэ нь хийл үйлдвэрлэгч урлаач болон, чанар хийц, өмнө нь зэмсгийг эзэмшиж байсан хийлчдээс хамаардаг. Одоогоор дэлхийн хамгийн үнэтэй хийл бол Мессиа нэртэй 1716 онд Страдивариусын хийсэн 20 сая гаруй доллараар үнэлэгдсэн хөгжим байна. Страдивари Мессиаг уран бүтээлийн оргил үедээ бүтээж, 1737 онд нас барах хүртлээ дэлгүүрт нь байсан байна. Хийлчид түүгээр тоглоогүй учраас харьцангуй шинээрээ хадгалагдаж байгаа. Ид хийж бүтээж байх үедээ бүтээсэн болоод 300 гаруй жилийн турш хэзээ ч тоглож байгаагүй нь өндрөөр үнэлэгдэх гол шалтгаан нь болсон. Уг хөгжим нь одоогоор Английн Оксфорд дахь Ашмолеан музейд дэлгэгдэж байна.
Мөн агуу хийлчдийн ур чадварын ачаар хийл нь хөгжмийн ертөнцөд өөрийн байр сууриа баттай эзлэн зогсолтгүй хөгжүүлэхэд гайхалтай хийлчид болох Н.Паганини, А.Корелли, А.Вивалди, Г.Тартини,Сарасате гэх мэт урт цуваа үргэлжилнэ. Эндээс Паганиниг онцлон дурдая.
Багаасаа ааваараа хийл хөгжим заалгаж, үргэлжлүүлэн шилдэг багш нараар хичээл заалгаж байсан Паганиниг гайхалтай хийлч гэж үздэг. Тэрээр өдөр бүр 15 цагийн турш бэлтгэл хийх хатуу хуваарьтай байдаг байж. Түүний гайхамшигтай авъяас чадвар амжилтыг дагаад зугаа цэнгэл болоод мөрийтэй тоглоомонд хэт автаж хөгжмөө ч мурийнд тавьж алдах, гудамжинд танхайрдаг байсан тухай тэмдэглэгдсэн байдаг. Мөн уран бүтээлчийн оргилд хүрэхийн тулд чөтгөртэй тохиролцсон тухай цуурхал хүртэл тарж байсан ч тэрээр эцэст нь бүх цаг үеийн хамгийн агуу хийлч гэж тооцогддог болсон. Түүний догшин ширүүн содон төрх, сунасан хуруу, ер бусын уян хатан байдал нь түүнд нууцлаг, бараг домог мэт нэр хүндийг өгсөн. Гадаад содон төрхийнх нь тухайд Марфан ба Эхлерс-Данлос гэсэн хоёр бие махбодийн синдром улам нэмэгдсэнийнх байна. Энэ синдромын шинж тэмдэг нь өндөр тураалтай хэт урт гар хөл хуруутай, хараа муу, зүрхний өвчтэй, далий нуруу үе мөч мэдрэлгүй болох, шүд арзайх, цээжний яс нь хотойж орох эсвэл товойж гарах, амьсгаадах зэрэг зовиур илрэх бөгөөд эхлерс данлос нь холбогч эдийн өвчин буюу хэвийн бус уян хатан хөдлөх үе, ердийн хүрээнээс илүү сунах арьс зэрэг шинж тэмдэгтэй байдаг байна. Тиймээс энэ өвчин нь түүнд онцгой урт мөч, ялангуяа хуруу, ер бусын уян хатан байдлыг өгдөг байсан нь түүний ер бусын уран чадварт нөлөөлж, түүнийг “Чөтгөрийн хийлч”, “Резин хүн” гэх мэт хочтой болгосон байна. Мөн тэрээр “Шулмын бүжиг” бүтээлдээ хийлийн утсаа таслан зөвхөн нэг утас дээр тоглох зэрэг домог болсон чадваруудаа мөнхжүүлсэн юм.
Агуу хөгжмийн зохиолчид болох И.С.Бах, Г.Ф. Хандел, В.А. Моцарт, Л.В. Бетховен, И.Брамс, К.Дебюсси, А.Вивалди (“Улирал” цикл), Ж.Гайдн, Ф.Мендельсон, С.С. Прокофьев, П.И. Чайковский, А.К. Глазунова, Д.Д. Шостакович, I.F. Стравинский, А.И. Хачатурян зэрэг зохиолчид хийл хөгжимд тусгайлан гоцлол бүтээлүүдийг зориулан бичсэн нь гайхалтай уран бүтээлчдийг төрүүлэн гаргажээ .
Феликс Мендельсон Бартольди (1809-1847 ) Германы хөгжмийн зохиолч,төгөлдөр хуурч,удирдаач.
Иоханнес Брамс (1833-1897) Германы хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч.
Чайковский,Пётр Ильич (1840-1893) Оросын хөгжмийн зохиолч, удирдаач, хөгжмийн багш.
Шостакович, Дмитрий Дмитриевич (1906-1975) Оросын хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, хөгжмийн багш.
Хачатурян, Арам Ильич (1903-1978) Оросын хөгжмийн зохиолч, киноны хөгжмийн зохиолч, удирдаач, хөгжмийн багш.
Мөн хийл хөгжмийн дэг сургуулиуд ч байгуулагдаж алдартай багш нар болох А.Вьетан, Г.Вениавски, Ж.Иоахим, Э.Исай, Ф.Крейслер, Ж.Тибо, Б. Хуберман, ауэр ,Ж.Хейфец, З.Франческатти, М.Б.Полякин, Д.Ф. Ойстрах, Л.Б. Коган, М.И. Вайман, Б.Л. Гутников. И.Штерн, И.Менухин, И.Перелман, Ш.Минц, П.Зукерман, В.А. Климова, И.Д. Ойстрах, В.В. Третьякова, В.Т. Спивакова зэрэг урт цуваа үргэлжилнэ.
Венявский, Генрик (1835-1880) Оросын хийлч, хөгжмийн зохиолч.
Крейслер, Фриц (1875-1962) Австри-Венгерийн хөгжмийн зохиолч, хийлч.
Ауэр, Леопольд Семёнович (1845-1930 ) Австри-Венгар болон Оросын хөгжмийн багш, удирдаач, хөгжмийн зохиолч, хийлч.
Хейфец, Яша (1901-1987) Орос-Амеркийн хийлч.
Ойстрах, Давид Фёдорович (1908-1974) Орос-Украйны хийлч, эрдүү хийлч, удирдаач, хөгжмийн багш.
Хийл хөгжим зөвхөн сонгодог хөгжмийн төдийгүй кантри, жазз, рок-н-роллыг чимэх болж 1930-аад онд Стефан Грапелли, Жо Венути, Стафф Смит зэрэг дэлхийн хэмжээний анхны жазз хийлчид гарч ирэв. Одоогийн байдлаар жазз дахь хийлийг хамгийн алдартай жазз тоглогчдын нэг Жан-Люк Понти төлөөлж байна.
Мөн хийлийн дуугаралт, түүний дүр төрхийн тухай олон тооны баримтат болон уран сайхны кинонууд хийгдсээр байна.Жишээ нь: А.Тарковский (“Ринк ба хийл”), Л.Менакер (“Николо Паганини”), Ф.Феллини (“Оркестрын бэлтгэл”), уран зохиолоос : В.Маяковский (“Хийл ба сандрал”), Н.Гумилев (“Шидэт хийл”), А.Чехов (“Ротшильдын хийл”), улаан хийл гэх мэт.
Энэ бүх зууны туршид хийлийн өвөрмөц, амьд “хоолой” хүмүүсийн зүрх сэтгэлийг байлдан дагуулсаар ирсэн шигээ цаашид ч энэхүү гайхамшигт хөгжмийн зэмсэг сонсогчдыг хөгжүүлсээр байх нь дамжиггүй.